Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэсэн.
Улмаар Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.
Энэ хүрээнд улсын байцаагчдыг Улаанбаатар хот дахь хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулж, орон нутгийн төлөөллүүд өнөөдөр (2025.10.14) “Монголын хөрөнгийн бирж” ХК зочилсон юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өдөр тутмын үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж салшгүй, нягт хамтын ажиллагаатай бөгөөд өнөөдөр, орон нутагт банкнаас бусад санхүүгийн үйлчилгээнд хяналт, зохицуулалт хийх эрх бүхий Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчид та бүхнийг МХБ-д зочилж буйд баяртай байна.
Учир нь та бүхний үйл ажиллагааны үр дүнгээр Монгол Улс, тэр дундаа орон нутгийн иргэд санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг эрсдэлгүй авах боломжоор хангагддаг.
Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг төгөлдөржүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоохоор та бүхэнд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон маш оновчтой шийдвэр” гэдгийг онцлон дурдлаа.
Үйл ажиллагааны төгсгөлд МОНХА-ны Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж зочдод биржийн өдөр тутмын үйл ажиллагаа болон, түүхэн үзмэрүүдийг танилцуулж, дурсгалын зураг авахуулснаар биржтэй танилцах аялал өндөрлөв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ