“Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг Төвийн бүсийн аймгуудад зохион байгуулж байна.
Өнөөдөр (2025.10.21) Дархан-Уул аймгийн Залуучууд театрт тус өдөрлөгийг зохион байгуулсан ба үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан нээж үг хэллээ.
Өдөрлөгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан "Санхүүгийн боловсрол" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.
Түүнчлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, мөн МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр иргэдэд олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өгсөн юм.
Үйл ажиллагааны төгсгөлд Дархан-Уул аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй "Гүүдсек ҮЦК” ХХК, “БиДиСек ҮЦК” ХК-иудийн төлөөлөл хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар танилцуулга мэдээлэл өгөхийн зэрэгцээ тус аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Олон нийтээс санхүүжилт татах боломжууд” сэдэвт сургалт явууллаа.
Тус өдөрлөгөөр:
-
Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгөх сургалт
-
1072 хувьцааны бүртгэл, ногдол ашиг,
-
Баялгийн шударга хуваарилалтын талаар
-
Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,
-
Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьсон.
Өдөрлөгт нийт 450 орчим иргэд хамрагдсан бөгөөд 100 гаруй иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллээ шүүлгэлээ.
Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн I дүгээр ангилалд бүртгэлтэй "Дархан нэхий" ХК, III ангилалд бүртгэлтэй "Дархан хүнс" ХК-иудын үйл ажиллагаатай танилцаж, биржид бүртгэлтэй үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцсон юм.
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг ирэх өдрүүдэд Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.
Видео мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ