“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.
Бүрэн эхээр нь дараах холбоосоор хүлээн авна уу https://ubn.mn/p/81892
Нүүрсний арилжаатай холбоотой нөхцөл байдлын талаар:
Нүүрсний үнэ буурч байгаа нь манай улсаас хамаарахгүй гадаад худалдааны дайн, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал зэрэг олон хүчин зүйлтэй шууд холбоотой. Хамгийн сүүлийн жишээ нь дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын нэмэгдэл хүртэл энд нөлөөлж байгаа. Монгол Улс зөвхөн хохирогч болж үлдэх биш дотоод, гадаадаас хамаарах хүчин зүйлээ ангилж, дотоодоос хамаарах хүчин зүйл дээр илүү анхаарч ажиллаж байна. Бидний хувьд нүүрсний үнэд нөлөөлж чадахгүй. Тиймээс их хэмжээгээр гаргах хэрэгтэй.
Ханги, Мандал боомтын экспортын хүчин чадал 2020, 2021 онтой харьцуулахад сүүлийн таван жилийн хугацаанд хэд дахин нэмэгдсэн. Эдгээр боломжуудаа ашиглаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж чадвал үнийн уналтаас бид бага хохиролтойгоор гарна.
Тухайн уурхай нэг худалдан авагчтай тохиролцсон гэрээнээс илүү олон худалдан авагчтай биржийн дуудлага арилжаагаар нүүрс өндөр үнэтэй зарагдана.
Хятадын талд өмнө нь 130, 160 ам.доллароор өндөр үнэтэй худалдан авсан нүүрстэй айлууд байна. Монгол Улс “Гэрээнийхээ үүргийг хүлээх ёстой” гэдгийг шаарддаг, Хятад руу экспортолсон нүүрснүүд байгаа. Энэ нь хил даваад овоолго үүсгэсэн байгаа. Үүнийг тодорхой арга хэмжээ авч бууруулах, аль эсвэл өөр боомтоор илүү их нүүрс гаргавал 2024 онд экспортолсон хэмжээг давуулан биелүүлэх учиртай. Ингэж чадвал бид өөрсдөөсөө хамаарах бүх ажлыг хийж байна гэсэн үг.
Хятад улс дан ганц Монгол Улсаас нүүрс импортолдоггүй. Хэрэв бид нүүрсний экспортын хэмжээг бууруулбал манай улсын зах зээлийн хэмжээг Орос, Индонез, Австрали улс нөхнө. Тиймээс бид нүүрсний биет хэмжээг буулгаж, үнийг өсгөх боломжгүй. Харин тонн тутмаасаа илүү ашиг олж, үнэ цэнэ хүртэхийн тулд тээвэр, олборлолт дээр гарч буй зардлыг судалгаан дээр үндэслэн тодорхой хувиар бууруулж чадвал тээвэрлэлтээс алдаж буй энэ бүх зардал хэмнэгдэж улсын ашигт байдал нэмэгдэнэ.
2025 оны эхээр ажлаа хүлээн авахад биржид уул уурхайн бүтээгдэхүүний 440 худалдан авагч байсныг 472 болгон нэмэгдүүлсэн ч үүнийг би хангалттай тоо гэж үзэхгүй байна. Илүү олон худалдан авагчтай болох, эргээд худалдан авагчид үүсч буй нөхцөлийг судлах, эрсдэлийг бууруулах тал дээр өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж анхаарч ажиллан, үндэслэлүүдээ маш амжилттайгаар гаргаж тавьснаар эхний үе шатанд өөрчлөлтүүд орсон. Энэ нь зах зээлийн савлагаанаас үүсдэг эрсдэлийг бууруулж, улмаар индексжүүлсэн үнээр нүүрс арилжин тодорхойгүй байдлыг бууруулсан.
Энэ бол эхний үе шат. Тодруулбал, бид өмнө нь нэг үнээр зургаан сарын хугацаанд бүх төлбөр тооцоогоо хийдэг байсныг өөрчилж ирэх сард нүүрсний үнэ унавал илүү хямдарсан үнээр, өсвөл илүү өндөр үнээр нүүрс арилждаг тогтолцоог бүрдүүлсэн. Үүнтэй уялдуулан дөрөвдүгээр сарын арилжаа эрс сэргээд байна.
Оны эхний гурван сард биржээр 678 мянган тонн нүүрс арилжсан байхад дөрөвдүгээр сарын эхний гурван долоо хоногт аль хэдийн 800 мянган тонн нүүрс арилжааллаа. Бид дөрөвдүгээр сард эхний гурван сард арилжаалсан нүүрсээ багадаа хоёр дахин нугалсан арилжаа хийхээр чармайн ажиллаж байна.
Анх ажлаа авч байх үед Хятад талаас үнийн асуудлыг хамгийн их ярьж байсан. Харин одоо бид уул уурхайн бүтээгдэхүүний чанарын асуудалд анхаарч ажиллана. Энэ мэт үе шаттай ажлууд төлөвлөсөн. Эдгээр ажлыг хийж дуусгаснаар Монголын хөрөнгийн биржийг цаашид гадаадын таваарын биржтэй холбон, илүү олон худалдан авагчдад бүтээгдэхүүнээ зарах боломжийг бүрдүүлж, үнэ цэнээ нэмэгдүүлж, олон улсад гарч чадна гэсэн үг.
1072 ХУВЬЦААНЫ АРИЛЖААГ НЭЭЖ ХҮН БҮР ХУДАЛДАН АВЧ, ЗАРЖ БОЛОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар:
-Монгол Улс байгалийн баялагтай ч энэ нь шавхагдах нөөц юм. Шавхагдах баялгийг шавхагдашгүй нөөц рүү оруулах ёстой. Тиймээс хөрөнгийн зах зээл энэ дамжлагыг хийх нэг гүүр нь гэж үзэж байгаа. Монгол хүн баялагтаа эзэн болох нэг жишээ нь 1072 хувьцаа. Бид одоо зөвхөн нэг ордын талаар ярьж байгаа. Цаашид 1072 хувьцааны арилжааг нээж, хүн бүр дуртай үедээ худалдан авч, зарж болох нөхцөлийг бүрдүүлэх болно. “Монголын Улс иргэн бүр баялагтаа эзэн байна” гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэхэд хөрөнгийн бирж гол тоглогч болж чадна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй нуураас ч, овоолгоос ч олох ашгийг Монгол хүн бүрт хүргэх гүүр нь Монголын хөрөнгийн бирж байх боломжтой.
Үүний тулд 2025, 2026 онд иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх ажлуудыг хөрөнгийн биржээс үе шаттайгаар хийж, хэрэгжүүлнэ. Иргэд фэйсбүүкийн хонжворт тоглоом руу мөнгө хийхээс илүү банкны хүүгээс өндөр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх мэдлэг, мэдээлэлтэй болохын хэрээр Монгол Улсын хөгжил илүү хурдасна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ