Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д Монгол улсад үнэт цаасны зах зээл үүсэж, "Монголын хөрөнгийн бирж" ХК байгуулагдсаны түүхт 35 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, цан цохих ёслол зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд Сангийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүү, Эдийн засгийн их сургууль, Голомт банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон хамтран ажиллагч байгууллагуудын удирдлагууд, ахмадууд, үе үеийн албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлэхдээ:

Юуны өмнө энэ танхимд хуран цугласан эрхэм хүндэт төрийн төлөөлөл, биржийн үе үеийн удирдлага, ахмад мэргэжилтнүүд, энэ цаг үед мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олон та бүхэндээ Монголын хөрөнгийн бирж үүсч хөгжсөний 35 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийн үйл явцтай зэрэгцэн Монгол Улсын Засгийн газар 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 22 тоот тогтоол гаргаж, улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан түүхтэй.
Улмаар Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр эзэмшүүлсний үр дүнд тухайн үедээ МУ-ын нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Монголын хөрөнгийн биржид Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэн түүхтэй.
Түүнчлэн 1996 онд ЗГ-ын бондын анхны арилжаа явагдаж, 1999 оноос ТОП-75 индексийг тооцож эхлэн, улмаар 2001 онд Компанийн бондын арилжаа эхэлж, 2005 онд анхны IPO-г “Монгол шилтгээн” ХХК гаргаж байсан зэрэг онцлох үйл явдлуудыг эргэн дурсахад таатай байна. Мөн 2012 онд Дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлж “Миллениум Ай Ти" Арилжаа, Төлбөр, Тооцоо, Хяналт, Хадгаламжийн цогц системийг зах зээлд нэвтрүүлсэн төдийгүй Монгол Улсын хөрөнгийн зах зээл 2012 онд FTSE-ийн “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-нд багтаж, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаж, 2016 онд Төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулж эхэлсэн бол 2022 онд Монгол улсын хөрөнгийн зах зээлийг FTSE russell-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрсөн, МХБ өөрийн нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болсон зэрэг түүхэн үйл явцууд өрнөсөн юм.
Мөн 2023 онд системийн нөлөө бүхий банкнуудын IPO-г зохион байгуулах, бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг эрхлэх зөвшөөрөл авч, 2024 онд анх удаа орон нутгийн бондыг амжилттай арилжаалсан зэрэг үйл явдал, амжилт бүтээлээр баялаг он жилүүдийг үджээ.
Өнгөрсөн 35 жилийн ололт амжилтаа тоо статистикаас харвал: Засгийн газар болон орон нутаг, компанийн өрийн хэрэгсэл, хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг зэрэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 5 их наяд төгрөг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3.3 их наяд төгрөгийн үнэт цаас, нийт 8.8 их наяд төгрөгийн үнэт цаас арилжаалсан байна.
Энэ бүхнийг тэмдэглэн хэлэхийн учир нь 35 жилийн түүх хүний амьдралын мөчлөгөөр жишвэл идэр залуу нас буюу эрийн цээнд хүрч буйг илтгэнэ. Энэ бүх ололт амжилтын түүхийг хамт бичилцсэн биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо гүн талархал илэрхийлж, ойн баярын арга хэмжээнд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж цан цохих ёслол нээснийг мэдэгдье." гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн:

“Монгол Улсад үнэт цаасны зах зээл үүсэж хөгжсөний 35 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллага болон мэргэжлийн хамтран Монгол улсын эдийн засгийн шилжилтийн чухал үе шатанд өмч хувьчлалын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхэлснээс хойш олон улсын жишигт нийцсэн зах зээл болох хүртэл хамтран ажиллаж ирсэн. Тиймээс өнгөрсөн 35 жил Монголын хөрөнгийн бирж дээр арилжаанд оролцдог мэргэжлийн андеррайтерууд, дилерүүд, хөрөнгө оруулалтын сан, түүний менежерүүд, мэргэжлийн бүх оролцогчдод та бүхэндээ онцгойлон баяр хүргээд, хөрөнгийн зах зээлийн дараагийн 30 жилийн хөгжлийг бүс нутгийн хэмжээнээс олон улсын түвшинд өрсөлдөхүйц зах зээл болгохын тулд зохицуулагч байгууллага, мэргэжлийн дэд бүтцийн байгууллага, зуучлагч байгууллагууд нягт хамтран ажиллах он жилүүд байх болно” хэмээн онцоллоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

"Монголчууд зах зээлд хоёр замаар орсны нэг нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж ягаан цэнхэр тасалбар авсан. Социалист нийгмийн өмчийг хувааж авах үйл явцад Монголын Хөрөнгийн бирж байгуулагдан түүхэн үүргээ гүйцэтгэж байлаа. Энэ үед аж ахуйн нэгжүүд 0-ээс эхэлж байсан бөгөөд 35 жилийн хугацаанд хувьцаат компаниуд маш олон нэмэгдэж олон улсын жишигт хүрсэн байна.
2009 онд Оюутолгойн гэрээ зурах үед Хөрөнгийн бирж дээр тухайн компанийн 10 хувийг борлуулах Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар заалт байсан. Дараа нь 1,072 хувьцаа гаргаж, иргэдэд газрын хэвлийн баялгийг дахин хүртээх ажил өрнөх үед Монголын Хөрөнгийн бирж том үйл явцын гол механизм болж оролцож байлаа.
Монгол Улсын 2.3 сая иргэн 1,072 хувьцааны эзэн болсон. Гэхдээ энэ ажлаа төгс хийж амжаагүй байгаа ч газрын хэвлийн баялгийг үнэ цэнд хүргэж, Монголын Хөрөнгийн биржийн механизмыг ашиглан дэлхийн зах зээл дээр гарах үйл явц маш чухал байна.
Одоо төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгох үйл явц өрнөж байна. Гэхдээ бид 1991, 1997 оны хөдөлмөрийн хамт олныг тараагаад байшин зардаг алдаанаасаа сэргийлж, бий болсон хамт олныг дараагийн зах зээл, технологи, менежментийн хөрөнгийн оруулалтын хувьд шинэ шатанд гаргах үйл явц өрнөж байгаа. Үүнд Монголын Хөрөнгийн бирж дахин том сорилын өмнө байгаа гэж бодож байна. Өнөөдөр бол хувьцаа авсан иргэн бүрийн баярын өдөр шүү гэж хэлмээр байна" гэв.

Мөн арга хэмжээний үеэр 35 жилийн ойг тохиолдуулан биржийн түүхэн барилгад дурсгалын самбар босголоо. Монголын Хөрөнгийн Биржийн барилга нь Улаанбаатар хотын төв хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний хүрээнд 1948 оны 7 дугаар сарын 8-нд хүүхдийн кино театрын зориулалтаар баригдан ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын түүх, соёлын үнэт өвд хамаарах түүхэн дурсгалт барилга бөгөөд улмаар 1991 оны 5 дугаар сарын 2-ны Ардын Их Хурлын өдрийн 130 дугаар тогтоолоор энэхүү барилгыг Монголын хөрөнгийн биржийн эзэмшилд албан ёсоор шилжүүлсэн түүхтэй.
Байгууллагын 35 жилийн ойд зориулан бүтээж буй энэхүү дурсгалын самбар нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхлэл, түүхэн замнал, үнэт өвийг олон нийтэд таниулан сурталчлах, түүхэн үнэ цэнийг бататган үлдээх зорилготой юм.
Үйл ажиллагааны төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7631 дахь удаагийн арилжааг нээх цан цохилоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



