Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол-Энэтхэгийн Худалдааг Дэмжих Семинар”-ыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНЭУ-ын Элчин сайдын яамны байранд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол-Энэтхэг улсын эдийн засаг, худалдаа үйлчилгээ, эмийн үйлдвэрлэл, уул уурхай, тээвэр логистик зэрэг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, бизнесийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэн туршлага солилцох, бизнесийн шинэ боломжийг нээхэд бодитой хувь нэмэр оруулахад чиглэсэн арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дамбажавын Ганболд нар мэндчилгээ дэвшлүүлэн, нээж үг хэллээ.
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Хөрөнгийн Бирж, Энэтхэгийн Үйлдвэрүүдийн Холбоо (CII), БНЭУ-ын Гангийн Яам, Хувцас Экспортын Дэмжих Зөвлөл, “Цахиур төмөр” ХХК, “Макс Эксим” ХХК, Намасте Энэтхэг ресторан зэрэг байгууллагын төлөөлөл, илтгэгчид оролцлоо.
Тус арга хэмжээд МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат – “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш улс бөгөөд манай хоёр орон 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж, сүүлийн жилүүдэд 100 гаруй сая ам.долларт хүрээд байна.
Уг арга хэмжээнд эмийн үйлдвэрлэл, уул уурхайн, худалдаа, тээвэр логистикийн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 20 гаруй компанийн төлөөлөл оролцож хоёр улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар мэдээ мэдээллийг хуваалцав.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



